Улс төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин, ХХ зууны монголын удирдагчдын нэг Х.Чойбалсанд зориулан архитектор Н.М.Щепетильниковын 1943 онд зохиосон зураг төслөөр 1947 онд барьж ашиглалтад оруулжээ. Энэ байшинг Х.Чойбалсангийн өвлийн ордон, 30 дугаар байр, Маршалын өргөө хэмээн нэрлэдэг бөгөөд Х.Чойбалсан нас өөд болтлоо амьдарч байжээ.
“Гадна тал нь европ классик маягтай, дотор тал нь үндэсний хэлбэртэй байвал зүгээр” хэмээн маршалын зөвлөсний дагуу барьсан уг барилгын ажилд тэр үеийн Монголын урдаа барьдаг зураач, урчууд оролцжээ. Д.Чойдог, Д.Маньбадар, О.Цэвэгжав, Ү.Ядамсүрэн, Д.Лувсанжамц зэрэг зураачид, С.Чоймбол, Чойгоо, Н.Жамбаа, Данзан, Доржготов, Б.Гэлэгдандар нарын уран гартнуудын ур ухаан, авьяас билиг, хүч хөдөлмөр шингэсэн энэ барилга нь уран сайхан, засал чимэглэлийн хувьд дахин давтагдашгүй хамтын сор бүтээл болсон байна. Мөн барилгыг барихад японы олзлогдсон цэргүүдийг ч оролцуулжээ.
Нэгдүгээр давхар нь будаалгын танхим, бильярд, хүлээлгийн болон хамгаалагч нар суудаг өрөө, хоёрдугаар давхар нь бичгийн өрөө, номын сан, нарийн бичгийн даргын тасалгаа, хоолны бага заал, унтлагын болон хүүхдийн зэрэг өрөөнөөс бүрдэж байжээ.
Төр ёсны уламжлал, ихэс дээдсийн ордны цогцолборын дэг жаягийн дагуу байшингийн дөрвөн зүгт хашаа барьж, гол хаалганы хоёр талд чулуун арслан тавьсан байна. Байшингийн урд, хойд талд усан оргилуур байрлуулж, анчин, бөх, саальчин зэрэг баримлаар хашаан доторхийг чимсний сацуу Толгойтын баруун салаанаас зулзган мод авчирч суулган цэцэрлэгжүүлсэн ажээ. Хашааны гол хоёр хаалганы дээд талыг эрт цагийн монгол цэргийн туг, сэлэм жад, хуяг бамбайн дүрс товойлгон чимж, төмөр хайсыг алхан болон өлзий хээ, гүцээр гоёсон нь өнөөг хүртэл хэвээрээ байна.
Х.Чойбалсанг нас барсны дараа 1953 оноос уг байрыг “Сүхбаатар, Чойбалсангийн ордон музей” болгон өөрчилж, үзэгчдэд үзүүлэх болсон байна.
Харин 1961 оноос тус байрыг НАХЯ-ны мэдэлд шилжүүлэн гадаадын өндөр хэмжээний айлчин гийчин суулгах зочид буудал болгон ашиглах болсон байна.
Анх зургаан өрөөтөй, айлын зориулалттай баригдсан энэ барилга нь төрийн зочдын ордны шаардлагад нийцэхгүй хоцрогдсон тул 1986 онд өргөтгөл хийж 20 гаруй өрөө тасалгаагаар нэмэн тохижуулжээ.
1990 он хүртэл НАХЯ-ны III газрын харьяанд явж ирсэн “30 дугаар байр” 1990 оноос Төр, засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газарт, 1996 оноос Төрийн тусгай хамгаалалтын газарт харьяалагдах болсон байна. Маршалын өргөө хэмээн нэрлэх болсон энэ байранд зочид төлөөлөгчдийг хүлээн авах, төр засгийн зарим ёслол, хүлээн авалт хийх зэрэг ажлыг зохион байгуулж байна..
Ашигласан ном зохиол:
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх соёлын дурсгалаас, УБ., 1976
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017
Нацагдорж Н., Улаанбаатар хотын барилгажилтын түүх, гэрэл зургын цомог, УБ., 2014
Дашдаваа Ч., Японы олзлогдогсод Монголд, УБ., 2013