“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ.
Товч түүх:
Гэр хэлбэрт модон дуганууд нь Монголын үндэсний архитектурын дурсгал бөгөөд хуучин Их хүрээ (одоогийн Улаанбаатар хот)-ний зүүн хүрээ 30 аймгаас хадгалагдан үлдсэн гурван дуган юм. Аймаг гэдэг нь Их хүрээнд шавилан суусан лам нарын шашны захиргааны үндсэн нэгж бөгөөд аймаг тус бүр өөрийн дуган шүтээнтэй, түүндээ өдөр бүр хурал хурдаг байжээ.
Нэг. Эрхэм тойны аймаг нь 1740-өөд оны үед байгуулагдаж, одоогийн дуганы модон барилга нь 1778 онд баригджээ. Өдгөө тус дуганд Дашчойлин хийдийн Сахиусны дуган байрлаж байна.
Хоёр. Вангай аймаг нь 1757 онд байгуулагдаж, одоогийн модон дуганы барилга нь 1790 оны орчим баригджээ. Өдгөө энэ дуганд Дашчойлин хийдийн Цогчин дуган байрлаж байна.
Гурав. Их хүрээний сүүлчийн 30 дахь аймгийг дуганы хамт 1903 онд VIII Богд Жавзундамба хутагтын хатан Дондогдуламд зориулан байгуулж, Эх дагины аймаг хэмээн нэрлэжээ. Эх дагины дуганыг 1940 онд зураач Л.Намхайцэрэнгийн зураг төсөл, удирдлагын дагуу циркийн зориулалтаар өөрчлөн засварлаж, түүнээс хойш 2015 онд доторх хэсэг нь шатах хүртэл Ж.Раднаабазарын нэрэмжит цирк байрлаж байв. Энэ дуган нь Монголын орчин үеийн циркийн анхны барилга юм.